• 96655605
  • erdenesant27@gmail.com
Ахмад дайчин Гивааны Содномдагва /1914-1973/

Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны нутаг одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг "Хорго" гэдэг газар 1914 онд Түмтийн тэргүүн багийн хохь тайж, Хиад боржигон овогт Гивааны 2 дахь хүү болон мэндэлжээ.

1937 онд Улаанбаатар хотод ирж Улсын хэвлэх үйлдвэрт ажилчин болжээ. Тэрээр 1938 онд цэрэгт татагдаж, М А Х Ц-ийн 8 дугаар морьт дивизийн артиллерийн дивизионы 1-р батарейн салаан туслахаар томилогдож, Халх голын дайны тэргүүн фронтод тулалдахдаа их бууны галыг сайн зохицуулан удирдаж, дайсны олон удаагийн дайралтыг тухай бүрт нь няцааж гарамгай гавьяа байгуулсан учир 1939 онд Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Халх голын байлдааны медалиар шагнуулж явсан ахмад дайчин юм.

1941 онд цэргээс халагдан Улсын хэвлэлийн үйлдвэрт ажиллаж сонины цехийн ахлах мастер, хэвлэгчээр 30 гаруй жил ажилласан хүн. Тэр үеийн “ортооз” гэдэг хэвлэх машинаар тухайн үед гардаг байсан “ҮНЭН”, “ЗАЛУУЧУУДЫН ҮНЭН”, “ХӨДӨЛМӨР” ... зэрэг сонингууд болон ном, сэтгүүлүүдийг бүгдийг хэвлэдэг байжээ.

1951 оноос хойш Ардын их хурлын депутатаар 3 удаа сонгогдсон, улмаар үйлдвэрийнхээ 60 жилийн ойгоор 1967 онд “Хөдөлмөрийн баатар” хэмээх төрийн эрхэм дээд цолыг хүртсэн нэр хүндтэй ажилчин байжээ. Тус үйлдвэрт цэргийн дарга Нянтайсүрэнгийнхээ хамт ажиллаж байв.

Ахмад дайчин Г.Содномдагвын хүү МУБИС-ийн “Хүндэт профессор” эрдэмтэн С.Батчулуун багшийн тухай нийтлэлийн хэсгээс хүргэж байна.

10 жилийн сургуулиа төгсөхөд нь хүсэж хүлээсэн уран зургийн ангийн хуваарь ирээгүй бөгөөд улмаар ЗХУ-д Цэргийн дээд сургуульд тэнцэхэд аав Г.Содномдагва нь ихэд баярласан бол хүү С.Батчулууны хувьд “Цэргийн дарга болно” гэж огтхон ч төсөөлж байгаагүй түүнд хүнд сорилт тулгарч улмаар “цэргийн сургуульд явахгүй” гэдгээ эрс шулуухан хэлсэн нь гэр орныхон болон аав ээж 2 оо ихэд зовоход хүргэсэн гэдэг. Аргаа барсан эцэг нь түүнийг хүсэл сонирхлых нь дагуу Улсын хэвлэх үйлдвэрт өөрийн дэргэд Хэвлэлийн цехт ажилд оруулжээ.

Төд удалгүй 8-р сарын дундуур сэтгэл нь зовсон эцэг нь хүүгээ дагуулан тэр үеийн Американ дэнж дээр байрлах Урчуудын эвлэлийн хороон дээр очиход алдарт зураач Г.Одонтой таарсан гэдэг. Тэрээр Баянхонгор аймгийн зураачдын үзэсгэлэн гарах гээд зураачидтай уулзаж байж. Эргэн тойронд байх гоё сайхан зурагнуудыг харж нүдээ хужирлан байх идэр хүү С.Батчулуунаас “За хөвүүн ингэж гоё зурж чадах уу? хэмээн асуух бууралдуу толгойтой, том чих, молцгор хамартай, биерхүү эрхэм бол Одон багш нь байсан бөгөөд тэрээр “Чи маргааш Урчуудын эвлэлийн хороон дээр 9 цагт очоорой, чамайг шалгаж үзнэ” гэжээ. Хэлсэн ёсоор очиход Г.Одон багш нь намхан пагдгар бууралдуу сахалтай хүнийг дуудан “за Батмөнхөө /тэрээр цэргийн зураач гэж алдаршсан нэртэй эрхэм байсан гэдэг/ энэ хүүхдэд натюрморт тавьж зуруулаад шалгаатахдаа гэснээр “Давидын хамар” оролцсон натюрмортыг хар, өнгөтөөр зурж шалгажээ. Хэд хоногийн дараа Г.Одон гуай дуудаж түүнд: “За хүү минь чи зураг зурах боломжтой пацаан байна, 10 төгссөн гэрчилгээ, хувийн хэргээ аваад ирдээ” гэхэд нь баярласандаа гэртээ яаж очсоноо ч санадаггүй юм хэмээн дурссан юм. Гэр дүүрэн баяр болж “за миний хүү хичээнэ шүү” гэцгээж.

Ингээд ажиллаж байгаа үйлдвэрийнхээ боловсон хүчин дээр очиж хувийн хэрэг, гэрчилгээгээ авах болоход өмнөөс нь бөөн хууль, дүрэм ярьж, “нэгэнт ажилчин болсон бол доод тал нь 3 жил ажиллах ёстой, шууд дээд сургуульд орно гэж юу байдаг юм” гээд дараа нь эцгийг нь хүртэл хавьтуулахгүй загнан “та ч гэсэн ажилчин болоод юу нь муу болсон юм, улс даяар алдаршсан хүн байж нэр төрөө бодоход яадаг юм” гэгчлэн дөвчигнөснөөр идэр залуу хүүгийн Уран зургийн ангид элсэн суралцах хүсэл мөрөөдлийг тасчин хаяжээ.

Ингээд 6 жил хүлээсний эцэст 1973 онд УБДС-ийн Зураг, шугам зургийн багшийн ангид элсэн оржээ. 1977 онд УБДС-ийг Зураг-шугам зургийн багш” мэргэжлээр амжилттай дүүргэн тэнхимдээ багшаар үлдэж ирээдүйн тус салбартаа олон мянган зураач мэргэжилтэн болон багшлах боловсон хүчин, судлаач, эрдэмтдийг бэлтгэн төрүүлсээр яваа бахархалт ахмад төгсөгч, эрдэмтэн багш юм.

МУБИС-ийн “Хүндэт профессор” эрдэмтэн С.Батчулуун багш “олон зуун багш нарын” багш төдийгүй эрдэм судлалын ажлыг шимтэн хийж 70 шахам ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл бичиж хэвлэж, нийтлүүлжээ. Тэрээр 1996 онд “Монголын уламжлалт зураг дүрслэл дэх уран сайхнаар хийсвэрлэх сэтгэлгээний онцлогийг судалсан нь” сэдвээр Урлаг судлалын ухааны дэд эрдэмтний зэргийг хамгаалсан бөгөөд эрдмийн ажлын удирдагчаар тухайн үеийн СУИС-ийн ректор түүхч доктор Бадрал, шүүмжлэгчээр МУБИС-ийн Философийн тэнхимийн эрхлэгч доктор (Sc.D), профессор Д.Дагвадорж, Ардын зураач, төрийн шагналт Н.Чүлтэм нар ажилласан байдаг.

2022-11-21 11:18:45